Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

2012-10-08 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 24.1, Засгийн газрын 2009 оны 143 тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
   1. Төрийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгож, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.
 
   1.1 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр:
 
   а. Нутгийн захиргааны байгууллагаас шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг хэлэлцэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө цахим хуудас, мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулж, иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтдийн саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгах;
 
   б. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагын цахим хуудсанд байрлуулах;
 
   в. Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагаас олгодог үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тухайн зөвшөөрлийг авахад шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг байгууллага бүр цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан шинэчлэх;  
 
   г. Улсын  болон орон нутгийн төсвийн    хөрөнгө, гадаадын зээл, тусламж, хандиваар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тогтмол шинэчлэх;
 
   д. Нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний нэр төрөл, тухайн үйлчилгээг авахтай холбоотой бүрдүүлэх материалын жагсаалт болон тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр шинэчилж, цахим хуудсанд байрлуулах; 
 
   1.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах чиглэлээр:
 
   а. Албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байх;
 
   б. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, холбоо барих утас, и-мэйл хаяг болон зургийг байгууллагын цахим хуудсанд байрлуулж, өөрчлөлт орсон тухай бүр шинэчлэх;
 
   в. Ажлын байрны сул орон тоог цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;
 
   1.3 Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр:
 
   а. Байгууллагын өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудсанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг бүрдүүлэх;
 
   - тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
 
   - өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор;
 
   - дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
 
   б. Жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;
 
   в. санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;
 
   г. тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай  цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;
 
   д. худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;
 
   е. худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
 
   1.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр:
 
   а. Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудсанд байрлуулан тухай бүр шинэчлэх;
 
   б. Тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үндэслэлийг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулах;
 
   в. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар танилцуулга, мөн шалгарсан оролцогчоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсанд байрлуулан тухай бүр шинэчлэх;
 
   2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн  оролцоог  нэмэгдүүлж,  санал бодлыг нь тусгах зорилгоор иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг нийтэд хүргэх, хэлэлцүүлгийг тухай бүр зохион байгуулж ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
   3. Нийслэл хотын цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилготой Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, Засаг даргын зөвлөлийн хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж, удирдлагын шуурхай байдлыг хангаж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
   4. Байгууллага тус бүр өөрийн цахим хуудсын үйл ажиллагааг энэ захирамжийн хэрэгжилтийг хангахад нийцүүлэх арга хэмжээ авч, шуурхай мөрдөж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
   5. Иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх үүднээс твиттер, фейсбүк хуудсыг хөгжүүлж, тухайн хуудсуудыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулахыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Б.Түвшинтөгс/-нд даалгасугай.
 
   6. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, иргэдэд хүргэх мэдээ мэдээллийг тогтмол шинэчилж, сурталчилж ажиллах албан хаагчийг байгууллага бүрт томилон ажиллуулахыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай. 
 
   7. Мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сүлжээг хэвийн, тогтмол ажиллуулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг зохих түвшинд хүргэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар        /Я.Сод-Эрдэнэ/-т, захирамжийг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Б.Түвшинтөгс/-нд тус тус үүрэг болгосугай.
 
   8. Хувь хүний нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримталсугай. 
 
   9. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ