“Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийг ажиллуулах тухай

2012-10-08 00:00:00
   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5, 6, 7 дугаар зүйл, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
   1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх болон хотыг хөгжүүлэх талаар иргэдийн санал бодлыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах зорилгоор нийслэлийн иргэдтэй тусгай дугаарын утас /HOT LINE/-аар холбогдох “Улаанбаатар сонсож байна” (Лавлагаа, мэдээллийн “1200”, Өргөдөл, хүсэлтийн “1234” тусгай дугаарын телефон утсаар дуудлага хүлээн авах) “Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төв”-ийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулсугай. 
 
   2. Лавлагаа, мэдээллийн төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх талаар  мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийн санг тогтмол шинэчлэх, өргөдөл, гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх талаар журам боловсруулж мөрдүүлэх, шаардлагатай бусад арга хэмжээг шуурхай зохион байгуулж, тоног төхөөрөмж, хөрөнгийн асуудлыг судлан нийслэлийн 2013 оны төсөвт тусгуулж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.  
 
   3. “Улаанбаатар сонсож байна” - Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийн       2012 оны 4 дүгээр улирлын зардал 28.0 /хорин найм/ сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
   4. Иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаархи лавлагаа, мэдээллийг тогтмол шинэчлэх, иргэдээс он-лайнаар ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх чиг үүргийг тодорхой албан хаагчид хариуцуулан, ажлын байрны тодорхойлолтонд холбогдох нэмэлт өөрчлөлтийг тусгаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт удирдлагуудад үүрэг болгосугай. 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---