Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-10-05 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойрогт олон түвшний огтлолцол барих, Сонсголон, Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих, Яармагт шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

   2. Экспортын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н. Гантөмөрт даалгасугай.

   3. Хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/- т, хөрөнгө оруулалтаар  бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

   4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/315 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---