Шатахуун түгээх станцуудын талаар авах зарим арга хэмжээний тухай

2012-10-18 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6.-ын “л”, 30 дугаар зүйлийн 30.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, Барилгын тухай хуулийн 7.2.1, 7.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Газрын  тухай хуулийн 20.2.1, 20.2.2, 57.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн нутаг дэвсгэрт, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр  газрыг дур мэдэн эзэмшиж,  шатахуун түгээх станцын барилга барьж, үйл ажиллагаа явуулж байгаа, газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталж, ШТС-ын үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

   2. Барилгын тухай хууль зөрчиж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөлгүйгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчсөн  аж ахуйн нэгжийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, ажлын 21 хоногийн дотор багтааж илэрсэн зөрчлүүдийг арилгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т үүрэг болгосугай.

   3. Энэхүү захирамжийн хоёр дахь хэсэгт заасан хугацаанд зөрчлүүдийг арилгаагүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т, ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК /Д.Бямба-Очир/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /Ч.Саранжав/-д тус тус даалгасугай.

   4. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---