Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай

2012-10-18 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”, 29.1.6-ын “а”, 36 дугаар зүйлийн 36.1.1, 39 дүгээр зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын удирдлагуудад даалгасугай.

   Хоёр. Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д даалгасугай.

   2.1.Энэ захирамжийн нэгдүгээр хавсралтанд дурьдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулах.

  2.2.Барилгын ажил шинээр эхлэх, өргөтгөхтэй холбоотой гарч буй зөрчлийг шуурхай, нэн даруй таслан зогсоох, шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ авах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих.

   Гурав. Дараахь арга хэмжээг 2012 оны 11 дүгээр сард багтаан хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт даалгасугай.

   3.1.Орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, Сууц өмчлөгчдийн холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид болон барилгын норм дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж, хүчингүй болгох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах.

   3.2.Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах.

   3.3.Дээрх арга хэмжээний дүнд эзэмших, ашиглах эрх нь хүчингүй болсон газруудыг цаашид нийтийн эзэмшилд үлдээж, барилга байгууламж барихыг хориглох тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төсөл боловсруулж, танилцуулах.

   3.4.Газрын мэдээллийн санд орсон кадастрын зураглалыг газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх бүртгэл, мэдээлэл, газрын төлбөр төлсөн байдалтай нь холбон нягтлан шалгах ажлыг зохион байгуулж, кадастрын зургийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр урьдчилан мэдээллийн санд оруулахыг хориглосон арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

   3.5.Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг хэвийн горимоор хэрэгжүүлэх.

   Дөрөв.Газар олголт, барилгажилтын ажилтай холбогдсон дүрэм, журамд дараах зарчмуудыг тусган өөрчилж, мөрдөж ажиллахыг  Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт үүрэг болгосугай.

   4.1.Эзэмшилд олгогдсон газар дээрээ барилгын ажил эхлээгүй, барилга байгууламж бариагүй газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд барилга байгууламж барихтай холбоотой бичиг баримт болон оруулсан хөрөнгө оруулалтыг хянан үзэж шийдвэрлэдэг байх.

   4.2.Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт, баригдах барилга байгууламжийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухай бүр танилцуулж шийдвэр гаргуулж байх.

   4.3.Дараах тохиолдолд газрын болон барилгын зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байхаар тусгах:

   4.3.1.Газар эзэмших, ашиглах тухай захирамж, гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтаас өөр зориулалтаар барилга байгууламж барихаар зураг төсөл боловсруулсан;

   4.3.2.Эзэмшил, ашиглалтад олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эдэлбэр болон бусдын эзэмшил газарт оруулан барилга байгууламж барихаар төлөвлөсөн;

   4.3.3.Бусдын эзэмшлийн болон нийтийн эдэлбэр газар, зам талбайн орц, гарцыг хааж төлөвлөсөн;

   4.3.4.Шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг орчны тохижилт, ногоон байгууламжгүйгээр төлөвлөсөн;

   4.3.5.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар батлагдсан “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу төслийн хэлэлцүүлэг хийгдээгүй, олон нийтийн санал авалгүйгээр хүсэлт ирүүлсэн;

   4.3.6.Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм зөрчиж боловсруулсан зураг төслөөр барилга барих өргөдөл, хүсэлт ирүүлсэн;

   4.3.7.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болон барилга угсралтын ажил эхлүүлсний дараа барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлсэн;

   4.3.8.Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэхээр төлөвлөөгүй байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасан;

   4.3.9.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-т зааснаар  өргөдөл, гомдол нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй буюу тухайн байгууллага өмнө нь хянан шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан.

   Тав. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 3/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

   Зургаа. Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилга обьектыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д тус тус үүрэг болгосугай.

   Долоо. Барилга барихтай холбоотой бүрдүүлдэг баримт бичиг, зөвшөөрөл, учирдаг хүнд суртлыг багасгах, арилгах арга хэмжээний саналыг ”Нийслэл Улаанбаатар хотын барилгажилт хот байгуулалтын нийтлэг журам”-ын төсөлд тусган боловсруулж, 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /О.Машбат/-т даалгасугай.

   Найм. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---