Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай

2012-10-17 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл,     30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн хэсгийн  2012 оны 10 дугаар сарын 01-ний дүгнэлтийн дагуу иргэн Б.Батгэрэлийн “Хос янзага”, иргэн Ц.Анисын “Чингүүндэ өргөө”, иргэн Б.Уранчимэгийн “Мөрөөдлийн нархан”, иргэн Б.Гантулга, Н.Энхтуяа нарын “Энхсаруул”, иргэн Б.Оюунчимэгийн “Шинэ хотхон”, иргэн Р.Батхишигийн “Бөндөөлхөн-1”, иргэн  Ж.Мөнгөнтуяагийн “Өргөө”, иргэн С.Пүрэвсүрэнгийн “Ивээл”, иргэн С.Пүрэвсүрэнгийн “Ивээлт нар”, иргэн А.Наранцацралтын “Их Монголын үрс”, “Ньюс арт хаус” ХХК-ий “Охин тэнгэр”, иргэн Ж.Даваасүрэнгийн “Оддын өргөө”, иргэн Ж.Цэрэнминжингийн “Зааны төгөл” цэцэрлэгийг тус тус байгуулсугай.

   2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.

   3. Шинжээчийн ажлын хэсгээс өгсөн үүргийг бүрэн биелүүлсний дараа шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт  тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---