Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2012-10-05 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

   1. Улаанбаатар хотын ариун цэвэр, соёлжилтыг дээшлүүлэх, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг хог тээврийн үйлчилгээнд хамруулах үүднээс дэвсгэрийн бүх байгууллага, аж ахуйн нэгжийг хог тээврийн гэрээтэй ажиллуулах арга хэмжээ авах, хог тээврийн гэрээ хийгээгүй байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

   2. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон үзвэр, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна байрлуулах хогийн савны жишиг загварыг хавсралт ёсоор баталсугай.

   3. Батлагдсан загварын дагуу гудамж, зам талбай, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гадна хогийн савтай болгох ажлыг зохион байгуулахыг Хотын Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

   4. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---